Байгаль орчин
Манай компани үйл ажиллагааны үе шат бүр дэх байгаль орчны хамгааллаар тогтвортой хөгжлийг тодорхойлдог билээ.
Уурхайн ашиглалтын хугацаанд дэд бүтэц байгуулж, түүхий эд, нөөц материал, тэр дундаа ус, эрчим хүч ашиглах шаардлагатай болдог ба үүнээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, хяналт шинжилгээ хийж, бууруулах арга хэмжээг тогтмол авч ажилладаг.
2022 онд “Бадрах Энержи” компани Монголын уул уурхайн үндэсний ассоциацтай “Хариуцлагатай уул уурхайн кодексийн гэрээ” байгуулж олон улсын шилдэг стандартыг хэрэгжүүлэх амлалт үүргээ дахин баталгаажуулж, салбартаа байгаль орчин хамгааллын талаар үлгэр жишээ болж ажилладгаа илэрхийлэв.
“Бадрах Энержи” компани 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн Зөөвч-Овоо газрын доор уусган олборлох (ГДУО) үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлэхийн өмнө байгаль орчин, нийгмийн болон эрсдэлийн үнэлгээ, судалгааг хийж, ажилласан билээ.
ТӨСӨЛ ЭХЛЭХИЙН ӨМНӨ:
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
- Цацрагийн хамгаалал, аюулгүй ажиллагааны дотоод дүрэм
- Усны дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл
- Ус ашиглах гэрээ
- Хог хаягдлын менежментийн гэрээ
- Хаягдал усны дүгнэлт
- Галын дүгнэлт
- Химийн бодис ашиглах зөвшөөрөл
- Цөмийн бодис эзэмших, ашиглах зөвшөөрөл
“Бадрах Энержи” компани үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Усны газар, Галба өөш долоодын говийн усны ай сав газрын захиргаа, Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох зөвшөөрөл авдаг.
Эдгээр байгууллагууд нь жил бүрийн үйл ажиллагаа явуулах нөхцөл болсон зөвшөөрөл олгохын зэрэгцээ үйл ажиллагааны хөтөлбөрийг хянан баталж, тогтмол хяналт шалгалт хийдэг. Компанийн ХАБЭМ, цацрагийн хамгаалал, байгаль орчны баг нь байгаль орчны хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хууль, дүрмийн шаардлагын дагуу хангаж, тасралтгүй, зохих ёсоор хийгдэж байгааг хариуцдаг. Компани мэргэжлийн агентлаг, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь төслийн талбайн байгаль орчны хамгааллын удирдамж юм.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь холбогдох байгаль орчны (биологийн олон янз байдлын тооллого, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн байдал) талаарх нарийвчилсан ойлголтыг өгч, эрсдэлийг эх үүсвэр дээр нь бууруулахад шаардлагатай урьдчилан сэргийлэх болон бууруулах бүх арга хэмжээг тодорхойлдог.
Мөн нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг боловсруулдаг. Түүнээс гадна уурхайн ашиглалтын төгсгөлд хийх нөхөн сэргээлтийн зарчим, байгаль орчны хяналт зэргийг багтаадаг.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 5 жил тутмын шинэчлэл нь үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, нийгмийн байдал, байгаль орчныг хамгаалах технологийн шинэчлэлийг тусгадаг байна.
Үүнээс гадна, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд байгаль орчны асуудал, барилга байгууламж болон барилга байгууламжид хийгдэх үйл явцад орсон өөрчлөлт, төслийн цар хүрээ болон хуваарьт орсон өөрчлөлт, шинжлэх ухааны дэвшил болон эрх зүйн зохицуулалтын шаардлагыг харгалзан авч үздэг юм.
Байгаль орчны хяналт
Сайн туршлага: Байгаль орчны хяналтын хамтын оролцоотой хөтөлбөр
Жил бүр агаар, ус, хөрсний чанарт хяналт тавих, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор байгаль орчны хяналтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
2013 оноос 15 гаруй удаагийн хамтарсан хяналтын ажлыг зохион байгуулав.
Хамтын оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг 2013 онд малчдын болон орон нутгийн удирдлагын төлөөллийн хамт эхлүүлсэн. Аргалант, Баянбогд, Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт тодорхойлсон зургаан цэгээс усны дээж авч, нутгийн иргэдийн сонгосон Геологийн судалгаа-шинжилгээний төв , Цөмийн судалгааны төвийн лабораторид тус тус шинжлүүлж, хариуг оролцогч талуудад танилцуулж, тайлагнадаг юм. Мөн талбайд цацраг идэвхийн хэмжилтийг хийж ирэв.
Энэ төрлийн хөтөлбөрийг Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр тусгайлан хэрэгжүүлэхдээ төслийн талбайн ойрй орчим дахь малчдын худагт хяналт хийсэн. Хөтөлбөрийн үр дүнгээр газар доор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтаас ямар нэг нөлөөлөл үүсээгүй болохыг баталгаажуулсан.
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний шилдэг туршлага” уулзалтаас “Бадрах Энержи” компанийг “Шилдэг туршлага хэрэгжүүлэгч”-ээр шалгаруулсан юм.
Байгаль орчны судалгаа, шинжилгээ
“Бадрах Энержи” компани дараах байгаль орчны судалгаа, шинжилгээний ажлыг хийж ирлээ. Үүнд:
- Байгаль орчны төлөв байдлын судалгаанууд
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
- Туруутан (хөхтөн) болон шувууны зүйлийн бүрдэл тоо толгой, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгааны ажлын тайлан.
- “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй ураны төслийн байгаль орчны аудитын тайлан
- Загийн бортоготой тарьц ургуулах мод үржүүлгийн газар байгуулах, ойжуулалт хийх үндэслэл, төлөвлөлт.
- Хөндлөнгийн бие даасан байгаль орчны хяналт шинжилгээний ажил
- Газрын хянан баталгааны тайлан
- Малчдын худгийн хяналт шинжилгээний үр дүнгийн тайлан
Хяналт шинжилгээний ажлын үр дүнгээр “Бадрах Энержи” компанийн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй болно.
Цацрагийн хяналт
Агаар дахь радоны хяналт
Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй компанийн хувьд “ байгууллагын ажлын болон бусад байрны агаар дахь аэрозоль ба цацраг идэвхт хийн агууламжийг хянаж байх” гэсэн шаардлагад заасны дагуу “Бадрах Энержи” компани агаар дахь радоны хяналтыг ажлын байрны онцлог болон эрсдэлийн зэргээс хамаарч 2 долоо хоног тутам, сар тутам, 2 сар тутам гэсэн давтамжтайгаар хийж гүйцэтгэж ирлээ.
Тухайлбал, радоны хуримтлал хамгийн их байж болох урантай давирхай хадгалах байранд хамгийн өндөр нь 149 Бк/м3 гэж бүртгэгдсэн. Энэ нь цацрагтай ажиллагсдын ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээ болох 1110 Бк/м3-ээс даруй долоо дахин дахин бага байна.
Байгаль орчны цацрагийн хяналт
“Бадрах Энержи” компани нь хүрээлэн буй орчны цацрагийн дэвсгэр түвшинг хянах, холбогдох стандартын зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулах, ажиглалт хийх зорилгоор хөрс, газрын доорх болон гадаргын усан дахь цацраг идэвхт изотоп болон хүнд металлын шинжилгээг Цөмийн судалгааны лаборатори, Геологийн шинжилгээ-судалгааны төв лабораторид тус тус хийлгэдэг.
УС
Ус нь үнэ цэнэтэй байгалийн баялаг бөгөөд “Бадрах Энержи” компанийн ажиллаж байгаа бүс нутгийн байгаль, ард иргэдийн аж байдал болон компанийн үйл ажиллагаанд ч чухал үүрэгтэй.
Зөөвч-овоо талбайн газрын доорх ус ба уст давхарга
Зөөвч-Овоо талбайн хэмжээнд нарийвчилсан хайгуулын ажил 2011 онд эхэлсэн билээ. Үүний хүрээнд ураны ордын хил хязгаарыг нарийвчлан тогтоож ураны хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, агуулга болоод гидрогеологи, геологийн орчныг тодорхойлсон юм.
Ус бол байгалийн амин чухал нөөц. Энэ нөөцийг хамгаалахын тулд түүний орших нөхцөл болон газрын доорх усны хөдөлгөөнийг тогтоох шаардлагатай байдаг. Гидрогеологичид горимын судалгааны ажил явуулсны үндсэн дээр газрын доорх усны түвшин хэмжилт, гадаргын болон газрын доорх усанд сорьц хийж усны урсцыг зурагладаг.
– Зөөвч-Овоо талбайн уст давхаргууд нь гол төлөв ус нэвчүүлэгч элсэн давхаргууд байх ба газрын доорх ус уг давхаргуудад хуримтлагдаж аажим зөөгдөж байдаг.
– Газрын доорх ус нь усны эргэлтийн нэг хэсэг бөгөөд цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг.
– Зөөвч-Овоо талбайн газрын доорх усны нөхцөлийг 2006 оноос 200 хяналтын цооногийн сүлжээ байгуулан судалсан байна.
– Энэ талбайн газрын доорх ус нь Монгол улсын болон олон улсын стандартуудын дагуу ундны усны зориулалтаар ашиглахад тохиромжгүй.
– Газрын доорх ус ийнхүү чанар муутай байгаа нь газрын доорх ус тухайн уст давхарга дахь ус агуулагч чулуулгийн эрдэс бодисуудтай олон мянган жилийн турш харилцан үйлчлэлд аажмаар орж ирсэнтэй зарим талаараа холбоотой юм.
– ГДУО технологи нь уламжлалт ил болон гүний уурхайгаас 5 дахин бага ус ашигладаг байна.
Биологийн олон янз байдал
Олборлох төслөөс биологийн олон янз байдалд үзүүлэх элэгдлийг зохицуулахын тулд “бууруулах дараалал” буюу “зайлсхийх-бууруулах-нөхөн сэргээх-дүйцүүлэн хамгаалах” гэсэн дарааллыг төслийн эхний үе шатаас эхлэн хэрэгжүүлж байгаль орчны нөлөөллийн судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Компани биологийн олон янз байдлын тэнцвэр болон биологийн олон янз байдлыг алдагдуулахгүй байх зорилготой. Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөө хэдий маш бага ч үйл ажиллагаанаас биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөг багасгах арга хэмжээг дараах байдлаар байнга авч хэрэгжүүлдэг. Үүнд:
– Хээрийн ажлын талбарыг аль болох бага зай талбайд байгуулж том хэмжээний газар талхлагдахаас сэргийлэх
– Авто хэрэгслээс санамсаргүй тос асгарч хөрс бохирдуулахаас сэргийлэх
Мөн төслийн талбайд ургамал, тухайлбал загийг хамгаалж тусгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг гүйцэтгэж байна.
НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ
Аливаа эрсдэлийг урьдчилан тооцоолох зорилгоор нөхөн сэргээлтийн ажлыг уурхайн төслийн хөгжүүлэлтийн шатнаас төлөвлөдөг. Зарим нөхөн сэргээлтийн ажлыг олборлолтын туршид хийж гүйцэтгэдэг ч, уурхайн олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлтийн ихэнх техникийн ажил нь хийгддэг юм.
Уурхайн хаалтын дараах хөдөлмөр эрхлэлт болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг эрх бүхий байгууллага, дотоод болон гадаад бүх оролцогч талуудтай зөвшилцсөний үндсэн дээр эрт үеэс төлөвлөн ажилладаг.
Нөхөн сэргээлтийн ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх нь орон нутгийн иргэд, удирдлага болон холбогдох бүх талуудын итгэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ нь компанийн үйл ажиллагааг урт хугацаанд хүлээн зөвшөөрч, нутагт нь ирж ажиллаж буй иргэд болон улс оронд үйл ажиллагаа явуулах “нийгмийн лиценз” авах гол түлхүүр юм.
Төслийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө
– Цооногийн талбай: Цооногийг бөглөх, шугам хоолойг татан буулгах, газрыг нөхөн сэргээх
– Аж үйлдвэрийн байгууламжууд: Ттатан буулгах, хураах, газрыг нөхөн сэргээх
– Уст давхарга: Олон төрлийн гидрогеологийн судалгаа болон олборлолт хийгдсэн хэсгийн уст давхаргад байгалийн аясаар нөхөн сэргээх арга үр дүнтэйг харуулсан судалгаанууд дээр үндэслэн байгалийн аясаар нөхөн сэргээлт хийх
– Ургамлын бүрхүүлийг сэргээх: Байгаль орчны дүйцүүлэн хамгаалах төслийн хүрээнд нөхөн сэргээсэн газар болон ойр орчмын нутагт заг мод тарих
Нийт 88 цооногоос бүрдсэн хяналтын цооногийн сүлжээг ашиглан уст давхаргын хяналтын ажил үргэлжилж байна. Мөн нийт талбайн нөхөн сэргээлтийг гүйцэтгэхэд зориулсан төсвийг төлөвлөсөн.

Хяналтын шинжилгээ болон нөхөн сэргээлтийн ажлын хяналт
Жил бүр Бадрах Энержи компани хайгуулын ажил дуусмагц ирэх жилийн нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг сум орон нутгийн захиргаа, аймгийн байгаль орчны газар хянаж хүлээн авсны дараа Байгаль орчны хяналт шинжилгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгдөг.
2017 онд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас Бадрах Энержи ХХК нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтээрээ хамгийн өндөр үнэлгээ авсан билээ (Бадрах Энержи компани 87 оноо авсан бол дундаж үнэлгээ нь 70 хувь байжээ).
Бодит жишээ
БОДИТ ЖИШЭЭ 1: ЗАГИЙГ ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ ТӨСӨЛ
Зөөвч-Овоо Газрын доор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаагаар Монгол орны тал хээрийн нутгаар тархсан модлог ургамал болох заг төслийн нөлөөлөлд тодорхой хэмжээгээр өртөхөөс сэргийлэх боломжгүйг тодорхойлсон. Орано Майнинг компанийн Монгол Улс дахь салбар болох Бадрах Энержи ХХК нь дүйцүүлэн хамгаалах ганц зорилго тавин ажиллаж байна.
Төслийн эхний шатанд үйлдвэрийн байгууламжийн дийлэнх хэсэг нь заган ойн шигүү хэсгийн гадна талд баригдах ба компаниас хүнд даацын машин механизмын хөдөлгөөнд хатуу хяналт тавина.
Бадрах Энержи ХХК үйлдвэрлэлийн туршилтын хамрах талбайн хэмжээтэй ижил талбайд заг нөхөн тарих санал гаргасан. Дүйцүүлэн нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх талбай нь үйлдвэрлэлийн туршилтын талбайтай ойр, удаан хугацаанд мод ургахад тохиромжтой хэсэг байхаас гадна тухайн газрыг төслийн оролцогч талуудын хамт сонгосон. Хуурай ширүүн уур амьсгалтай нутагт мод үржүүлэх туршлагатай мэргэжлийн хүмүүс болон орон нутгийн байгууллагууд тус ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийгэм, байгаль орчны талаар эерэг хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор төслийн оролцогч талуудыг мөн оролцуулна.

БОДИТ ЖИШЭЭ 2: ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГИЙН ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭЛТ
Өрмийн шавар нь байгалийн шавар болон био задралд ордог элементүүд болох бентонит, полимер бүхий шавар юм. Өрөмдлөгийн шаврыг өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэхэд ашигладаг бөгөөд өрмийн машины ойролцоо тусгай саванд, хэрэгцээт хэмжээгээр хадгалдаг. Өрөмдлөг дууссаны дараа нөхөн сэргээлтийг дараах дарааллын дагуу гүйцэтгэх ба уг ажлыг чанартай хийж гүйцэтгэснээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах боломжтой байдаг.
Цооногийн орчны нөхөн сэргээлтийг дараах шат дараалалтай хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Цооногийн өрөмдлөгийн ажил дуусмагц 1х1м хэмжээтэй, 1.2м-ийн гүнтэй зүмп доторх өрмийн угаалгын шингэн шаврыг соруулан авч шавар хуримтлуулах цэг рүү зөөвөрлөдөг
- Зүмпийг ухах үед гарсан шороогоор нь буцаан дүүргэж, гар аргаар өнгөн хөрсөөр хучилт хийж тэгшлэн газрын гадаргын ерөнхий хэв шинжээр хэлбэршүүлнэ
- Ургамал дахин ургах явцыг жил бүр хянаж мэдээллийн цахим санд бүртгэнэ

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ТАЛААР
Байгаль орчны ажилтан нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг дараах мэдээллийг багтаасан баримтын дагуу албан ёсоор цооног нэг бүрчлэн хүлээж авдаг. Үүнд:
– Талбайн тусгай зөвшөөрлийн дугаар болон нэр
– Гэрээлэгч компаний нэр болон өрөмдлөгийн багийн тодорхойлолт
– Цооногийн координат ба дугаар
– Өрөмдлөг эхэлсэн болон дууссан огноо
– Цооногтой холбоотой техникийн мэдээллүүд
– Нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ
– Бохирдол болон хог хаягдлыг шалгасан байдал (асгаралт, ургамлан нөмрөгт нөлөөлсөн байдал гэх мэт)
– Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн дүгнэлт
– Өрөмдлөг эхлэхийн өмнөх, өрөмдлөг явагдаж байх үеийн болон нөхөн сэргээлтийн дараах цооногийн гэрэл зураг болон цацрагийн фон хэмжилтийн мэдээлэл
Эдгээр мэдээллийг Байгаль орчны мэдээллийн цахим санд бүртгүүлснээр нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үздэг.