Байгаль орчин

Хайгуулаас олборлолтын дараах нөхөн сэргээлт хүртэлх уул уурхайн мөчлөгийн аль ч шатны үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болох нөлөөллийг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахад компанийн бүх ажилтан анхаарч, хүчин чармайлт гаргаж ажилладаг.

ТӨСӨЛ ЭХЛЭХИЙН ӨМНӨ: БАЙГАЛЬ ОРЧНЫ АНХДАГЧ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

Байгаль орчны анхдагч байдлын үнэлгээнд төслийн талбайн геологи, газар зүй, гидрологи, цаг уурын нөхцөл, биологийн олон төрөл зүйл, хөрс, ургамлын өнөөгийн шинж чанарын судалгаанууд багтдаг. Мөн нийгэм, эдийн засгийн судалгаа ч тус үнэлгээний нэг хэсэг юм.

Зөөвч-Овоо хайгуулын талбайн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн суурь судалгааг 2012 онд Эко Трейд ХХК хийж гүйцэтгэсэн.

“Өмнийн Говийн ус ба уул уурхай” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг

 Гишүүд сайн туршлагаа хуваалцав
Бадрах Энержи ХХК “Өмнийн Говийн ус ба уул уурхай” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийн ажлын хэсэгт 2018 оны 4 дүгээр сард орсон. Энэхүү ажлын хэсэг нь Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн зохицуулалт дор, Олон улсын уул уурхай, металлын зөвлөлийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Говь нутгийн уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа газруудад усны нөөцийн эрсдлийн менежментийн шийдлийг санал болгох, үнэлэх зорилготой юм. Тус ажлын хэсэг нь жилд дөрвөн удаа уулзалт хурлаа зохион байгуулж, уул уурхайн компаниудын усны хэрэглээний талаарх мэдлэгээ нэгтгэж, усны менежментийн сайн туршлагаа хуваалцах, орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн хүлээлтийн талаар ярилцдаг байна. Ажлын хэсэг нь орон нутгийн ард иргэд, удирдлагатай харилцаа холбоо хөгжүүлж, тэдэнд тодорхой сэдвээр сургалт зохион байгуулахад ч мөн анхаарч байна.

Хөтөлбөрийн танилцуулга

ЗӨӨВЧ- ОВОО ТАЛБАЙН ГҮНИЙ УС БА УСТ ДАВХРАГА

Зөөвч-Овоо талбайн хэмжээнд нарийвчилсан хайгуулын ажил 2011 онд эхэлсэн. Үүний хүрээнд ураны хүдэржилтийн хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ураны хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, агуулга мөн түүнчлэн гидро- геологи, геологийн орчинг тодорхойлдог. Ус бол байгалийн амин чухал нөөц билээ. Энэ нөөцийг хамгаалахын тулд түүний орших нөхцөл, газрын доорх усны хөдөлгөөнийг нь тогтоох шаардлагатай юм. Гидрогеологичид горимийн судалгааны ажил явуулсны үндсэн дээр газар доорхи усны түвшин хэмжилт, гадаргын болон газар доорх усны сорьцлолт хийж усны урсацыг зурагладаг.

  • Зөөвч-Овоо талбайн уст давхрагууд нь гол төлөв ус нэвчүүлэгч элсэн давхрагууд байх ба газар доорх ус уг давхрагуудад хуримтлагдаж, аажим зөөгдөж байдаг
  • Газар доорх ус нь усны эргэлтийн нэг хэсэг бөгөөд цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг
  • Зөөвч-Овоо талбайн газар доорх усны нөхцлийг 2006 оноос 200 хяналтын цооногийн сүлжээ байгуулан судалж байна
  • Энэ талбайн гүний ус нь Монгол Улсын болон олон улсын стандартуудын дагуу ундны зориулалтаар ашиглахад тохиромжгүй юм
  • Газар доорх усны чанар ийм байгаа нь газар доорх ус тухайн уст давхрага дахь ус агуулагч чулуулгийн эрдэс бодисуудтай олон мянган жилийн турш харилцан үйлчлэлд аажмаар орж ирсэнтэй зарим талаараа холбоотой юм

ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөл Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2016 оны 3 дугаар сард баталсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг:

 

  • үйлдвэрлэлийн технологийн судалгаа,
  • байгаль орчны суурь судалгаа,
  • хээрийн судалгаа,
  • үнэлгээ боловсруулалт гэсэн дөрвөн үе шаттай хийж гүйцэтгэсэн байна.

 

Үнэлгээнд цацраг, хими, хог хаягдал, хөрс, ургамал, заг, агаар, дуу шуугиан, гидрологи, гүний ба гадаргын усны чанар, нийгмийн эрүүл мэнд, нийгэм эдийн засаг гэх мэт чиглэлийн судалгаа орсон болно.

Байгаль орчны хяналт

Байгаль орчны хяналт шинжилгээг бүтээн байгуулалтын шатанд үргэлжлүүлж, олборлолтын явцад улам чангатган ажилладаг бөгөөд төслийн талбайд байгаль орчны менежментийн хөтөлбөрийн дагуу ажлаа хийдэг. Төслийн талбай мөн түүний эргэн тойронд, тухайлбал ард иргэдийн ажиллаж, амьдардаг, зорчдог хэсгүүд дэх хүнсний гинжин хэлхээ, хөрс, ус, агаарын хяналт шинжилгээг тогтмол хийдэг.

Байгаль орчны хяналт

Сайн туршлага: Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөр

Жил бүр агаар, ус, хөрсний чанарт хяналт тавих, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалах зорилгоор байгаль орчны хяналтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

2013 оноос 15 гаруй удаагийн хамтарсан хяналтын ажлыг зохион байгууллаа

Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг Кожеговь ХХК (хуучин нэрээр АРЕВА группийн Монгол Улс дахь геологи хайгуулын салбар компани), Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг, Улаанбадрах сумын удирдлага, иргэдийн төлөөлөл гэсэн гурван талт хамтын ажиллагааны үндсэн дээр 2013 онд эхлүүлсэн ба энэ хөтөлбөрийг Бадрах Энержи ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр хэрэгжүүлэхээр өргөжүүлсэн билээ.

Үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд Бадрах Энержи компани орон нутгийн иргэдтэй хамтран Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Аргалант, Баянбогд, Зүүнбаян багийн нутаг дээр тодорхойлсон зургаан цэгээс усны дээж авч нутгийн иргэдийн сонгосон Геологийн төв лаборатори, Цөмийн судалгааны төвийн лабораторид тус тус шинжлүүлдэг. Шинжилгээний хариуг төслийн оролцогч талуудад танилцуулж, тайлагнадаг.

Бадрах Энержи ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний шилдэг туршлага” уулзалтаас “Шилдэг туршлага хэрэгжүүлэгч”-ээр шалгарч байсан билээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ

Уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд хайгуулын шатнаас уурхайн хаалтыг төлөвлөдөг.

Үйлдвэрлэлийн туршилтын төслийн өрөмдлөгийн ажилд био задралд ордог бодис мөн шавар ашигладаг нь өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэх зорилготой. Өрөмдлөгт ашигласан шаврыг тусгайлсан битүү цэгт хадгалдаг ба тухайн цэгээс байгальд орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор тогтмол хянадаг.

Өрөмдлөгийн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг байгаль орчны хяналтын эрх бүхий байгууллага, мэргэжилтэн шалгаж, дүгнэлт гаргахаас өмнө компанийн байгаль орчныг хамгаалах багийнхан шалгаж, баталгаажуулдаг.

Хөрсийг тэгшилж, газрын гадаргын ерөнхий хэв шинжээр хэлбэршүүлнэ. Ургамал дахин ургах нөхцөл бүрдүүлэх нь ч мөн нөхөн сэргээлтийн ажилд багтдаг байна.

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын цооногийн талбайн 3 га газрыг байгалийн ерөнхий хэв шинжид нь буцаан хэлбэршүүлэхдээ 14 цооногийг битүүлж, шугам хоолой, цахилгааны утсыг эргүүлэн авна. Үйлдвэрийн байгууламж дахь тоног төхөөрөмжийг салган авч, барилгыг буулгаж, тухайн талбайг ургамалжуулна. Хяналтын хөтөлбөр нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа ч үргэлжилнэ.

Нөхөн сэргээлтийн ажлын өмнө (2014) ба дараах (2015) байдал

Хяналтын шинжилгээ болон нөхөн сэргээлтийн ажлын хяналт

Жил бүр Бадрах Энержи компани хайгуулын ажил дуусмагц ирэх жилийн нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг сум орон нутгийн захиргаа, аймгийн байгаль орчны газар хянаж хүлээн авсны дараа Байгаль орчны хяналт шинжилгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгдөг.

2017 онд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас Бадрах Энержи ХХК нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтээрээ хамгийн өндөр үнэлгээ авсан билээ (Бадрах Энержи компани 87 оноо авсан бол дундаж үнэлгээ нь 70 хувь байжээ).

Бодит жишээ

Заг

Зөөвч-Овоо Газрын доор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаагаар Монгол орны тал хээрийн нутгаар тархсан модлог ургамал болох заг төслийн нөлөөлөлд тодорхой хэмжээгээр өртөхөөс сэргийлэх боломжгүйг тодорхойлсон. Орано Майнинг компанийн Монгол Улс дахь салбар болох Бадрах Энержи ХХК нь дүйцүүлэн хамгаалах ганц зорилго тавин ажиллаж байна.

Төслийн эхний шатанд үйлдвэрийн байгууламжийн дийлэнх хэсэг нь заган ойн шигүү хэсгийн гадна талд баригдах ба компаниас хүнд даацын машин механизмын хөдөлгөөнд хатуу хяналт тавина.

Бадрах Энержи ХХК үйлдвэрлэлийн туршилтын хамрах талбайн хэмжээтэй ижил талбайд заг нөхөн тарих санал гаргасан. Дүйцүүлэн нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх талбай нь үйлдвэрлэлийн туршилтын талбайтай ойр, удаан хугацаанд мод ургахад тохиромжтой хэсэг байхаас гадна тухайн газрыг төслийн оролцогч талуудын хамт сонгосон. Хуурай ширүүн уур амьсгалтай нутагт мод үржүүлэх туршлагатай мэргэжлийн хүмүүс болон орон нутгийн байгууллагууд тус ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийгэм, байгаль орчны талаар эерэг хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор төслийн оролцогч талуудыг мөн оролцуулна.

Дулаан-Уулын туршилтын талбайн нөхөн сэргээлт хийгдсэн байдал

Өрмийн шавар нь байгалийн шавар болон био задралд ордог элементүүд болох бентонит, полимер бүхий шавар юм. Өрөмдлөгийн шаврыг өрөмдлөгийн үед цооног нурахаас сэргийлэхэд ашигладаг бөгөөд өрмийн машины ойролцоо тусгай саванд, хэрэгцээт хэмжээгээр хадгалдаг. Өрөмдлөг дууссаны дараа нөхөн сэргээлтийг дараах дарааллын дагуу гүйцэтгэх ба уг ажлыг чанартай хийж гүйцэтгэснээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах боломжтой байдаг.

Цооногийн орчны нөхөн сэргээлтийг дараах шат дараалалтай хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Цооногийн өрөмдлөгийн ажил дуусмагц 1х1м хэмжээтэй, 1.2м-ийн гүнтэй зүмп доторх өрмийн угаалгын шингэн шаврыг соруулан авч шавар хуримтлуулах цэг рүү зөөвөрлөдөг
  • Зүмпийг ухах үед гарсан шороогоор нь буцаан дүүргэж, гар аргаар өнгөн хөрсөөр хучилт хийж тэгшлэн газрын гадаргын ерөнхий хэв шинжээр хэлбэршүүлнэ
  • Ургамал дахин ургах явцыг жил бүр хянаж мэдээллийн цахим санд бүртгэнэ

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ТАЛААР

Байгаль орчны ажилтан нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг дараах мэдээллийг багтаасан баримтын дагуу албан ёсоор цооног нэг бүрчлэн хүлээж авдаг. Үүнд:

  • Талбайн тусгай зөвшөөрлийн дугаар болон нэр
  • Гэрээлэгч компаний нэр болон өрөмдлөгийн багийн тодорхойлолт
  • Цооногийн координат ба дугаар
  • Өрөмдлөг эхэлсэн болон дууссан огноо
  • Цооногтой холбоотой техникийн мэдээллүүд
  • Нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ
  • Бохирдол болон хог хаягдлыг шалгасан байдал (асгаралт, ургамлан нөмрөгт нөлөөлсөн байдал гэх мэт)
  • Нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн дүгнэлт
  • Өрөмдлөг эхлэхийн өмнөх, өрөмдлөг явагдаж байх үеийн болон нөхөн сэргээлтийн дараах цооногийн гэрэл зураг болон цацрагийн фон хэмжилтийн мэдээлэл

Эдгээр мэдээллийг Байгаль орчны мэдээллийн цахим санд бүртгүүлснээр нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үздэг. 

Contact
close slider