орон нутаг
Бадрах Энержи ХХК нутгийн ард иргэдийг дэмжих, тэднийг хөгжүүлэхийг зорьж ажилладаг.
Бадрах Энержи ХХК нь уул уурхайн үр ашгийг орон нутгийн иргэдэд доор дурдсан арга, хэлбэрүүдээр хүргэж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг удирдах тогтвортой арга замуудыг тодорхойлдог. Үүнд:
- Төсөл хэрэгжих орон нутгийн нийгэм, эдийн засгийн орчны талаарх бүрэн ойлголттой болох зорилгоор судалгааны ажил хийх,
- Ажлын байр бий болгож, нутгийн иргэдэд үйлдвэрлэлийн болон бусад ур чадвар олгох сургалт зохион байгуулах,
- Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг худалдан авах,
- Нутгийн иргэдэд ашиг тусаа өгөх дэд бүтцийг хөгжүүлэхийг дэмжин ажиллах.
НЭЭЛТТЭЙ, ҮР АШИГТАЙ ХАРИЛЦАА ТОГТООХ
Бадрах Энержи ХХК нь говь нутагт амьдарч буй иргэд, ялангуяа малчдын амьдралын онцлогийг харгалзан, Дорноговь аймгийн бүх оролцогч талуудтай итгэлцэл дээр суурилсан харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэн.
Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл
2013 оноос
45 гаруй уулзалт, хурал
Улаанбадрах сум болон Зүүнбаян багт тус компани болон нутгийн иргэдийн төлөөлөлөөс бүрдсэн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл гэх харилцан яриа өрнүүлэх, санал солилцох бүтцийг 2013 онд бий болгож, улирал тутам уулзалт зохион байгуулж байна.
Талбайн ажилтай танилцах аялал
2018-2019 онд 13 удаа талбайн ажилтай танилцах айлчлалыг 200 гаруй иргэн хамрагджээ
Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэд (Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд болон ажиглагчид), мөн малчид, эрдэмтэн, багш нарт зориулан талбай дээрх үйл ажиллагаатай танилцах, танин мэдэхүйн зорилго бүхий аялалыг зохион байгуулдаг. Монгол Улсын Их сургуулийн цөмийн физикийн ангийн оюутнууд мөн тогтмол зочилдог билээ.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
Хамтын ажиллагааны гэрээ
2018 онд Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээ нь усны хүртээмж, хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, боловсрол, соёл, эрчим хүчний хангамж, эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн чиглэлүүдийг хөгжүүлэх үүднээс, нийгэмд чиглэсэн төслүүдэд компанийн зүгээс хийх хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндсэн зорилготой билээ.
2021 онд хамтын ажиллагааны гэрээг сунгасан.
Төсөл, хөтөлбөрүүдийг Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан жил бүр танилцуулах ба дээр дурдсан чиглэлүүдээр, ач холбогдлоор нь эрэмбэлэн сум, багийн удирдлагын оролцоотойгоор хэрэгжүүлэх төслийг сонгодог.
Орано группийн Уул уурхайн Бизнес нэгжийн байгуулсан Уул уурхайн нийгмийн хороо эдгээр төслүүд дээр дурдсан ач холбогдлын эрэмбэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, баталгаажуулдаг.
Боловсролыг дэмжих нь: Компанийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр
Бадрах Энержи компани үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролыг дэмжих зорилгоор уг хөтөлбөрийг 2010 оноос тасралтгүй хэрэгжүүлж байна.
Бадрах Энержи компанийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт давхардсан тоогоор 140 удаагийн тэтгэлэг олгож, 290 орчим гаруй сая төгрөгний санхүүжилт хийгээд байна.
Монгол улсын ханган нийлүүлэгчдийг дэмжин ажиллаж байна
Бадрах Энержи компани гадаад, дотоод сургалт зохион байгуулж, сайн туршлага хуваалцахаас гадна группийн мэргэжилтнүүдээр ханган нийлүүлэгчдийнхээ ажилд туслуулах зэргээр аюулгүй байдал, чанар, тогтвортой байдал, ил тод байдлын стандартуудаа сайжруулахад нь нийлүүлэгчиддээ дэмжлэх үзүүлж, урт хугацаанд, нээлттэй хамтран ажиллаж байна.
Geographical distribution of suppliers (in Billion MNT)
Бадрах Энержи компани ханган нийлүүлэлтээ дийлэнхидээ Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийдэг бөгөөд ингэхдээ Монгол улсын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ: Бадрах Энержи компани хүүхдийн цэцэрлэг, хоёр сургуульд дэмжлэг үзүүллээ
“Бадрах Энержи” компани нь 2006 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулсаар ирсэн.
Хүүхэд багачууд, сургуулийн сурагчдын сурч боловсрон, амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн юм.
Бадрах Энержи ХХК худалдан авалтынхаа 97 хувийг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийдэг.
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
FXB төсөл: айл өрхүүдийг ядуурлаас гаргах чиглэлээр
АРЕВА группийн сан, Монгол Улс дахь Бадрах Энержи ХХК-ийн ажилтнуудын дэмжлэгтэй François-Xavier Bagnoud (FXB) нийгэмлэг 2016 оны 2 дугаар сараас эхлэн Дорноговь аймагт гурван жилийн хугацаат хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр нь 100 өрхийг ядуурлаас бүрэн гаргах, нийгэм болон эдийн засгийн хувьд бие даахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Эдгээр гэр бүлд хүнс тэжээл, орон гэр,эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн сургалтуудаар дамжуулан орлого олох, ажил, хөдөлмөр эрхлэх онолын мэдлэг болон практик зөвлөгөө өгөхөөс гадна гарааны мөнгөн хөрөнгө олгосон.
Хөтөлбөр хэрэгжиж дуусахад эдгээр гэр бүл санхүүгийн хувьд бие даах боломжтой болоод зогсохгүй орон нутаг болон улс оронд цаашид эерэг үр нөлөө үзүүлэх (нэр төр, өөрийгөө хүндлэх үзэлтэй болох гэх мэт) юм. Дорноговь аймгийн нийт 600 хүн энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртсэн байна.
Хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна
Дорноговь аймгийн иргэд хэвлийн хөндийн дурангийн мэс заслын үйлчилгээг үнэ төлбөргүй авч байна.
2013 оны 9 дүгээр сард Бадрах Энержи ХХК Сайншандын эмнэлэгт дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч өгсөн юм. Дурангийн мэс засал нь Улаанбаатар хотод 2 сая, хөдөө орон нутагт 350 мянган төгрөгөөр хийгддэг бол Сайншанд хотын эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байна.
Хэрэв нэг жилд 100 орчим мэс засал хийгддэг гэж тооцвол 2013 оноос хойш нийт 600 орчим хүнд мэс засал хийжээ. Энэхүү аппарат нь мэс засал хийхээс гадна оношилгоонд ч мөн ашиглагддаг.
Тус эмнэлгийн хоёр эмч, нэг сувилагчийг Франц Улсын Лион хотод уг тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар сургалт, дадлагад хамруулсан ба холбогдох бүх зардлыг компани хариуцсан.
Малчдыг дэмжиж байна
Малжуулах төсөл
2006-2007 оны зудаар мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдэд туслах, нөгөө талаас малчин болох хүсэлтэй, цөөн тооны малтай, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой малчдыг дэмжих зорилгоор манай компани энэ төслийг эхлүүлж байсан.
Малжуулах төсөлд сонгох шалгуурыг малчдын хамт тодорхойлсон. Төслийн малыг нутгийн малчдаас зах зээлийн үнээр худалдан аваад төсөлд хамрагдаж байгаа айх өрхөд дараах зарчмаар шилжүүлдэг. Тухайлбал, сонгогдсон малчин өрхөд 25 эм хонь, 25 эм ямаа нийт 50 бог мал олгодог бөгөөд малчин өрх 3 жилийн хугацаанд малынхаа ашиг шим, төлийг аваад 3 жилийн дараа дараагийн сонгогдсон айлд анх авсан тооны үржилд орох насны залуу эх малыг шилжүүлдэг зарчимтай юм.
Малчин болох хүсэлтэй айлын тоо нэмэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт олноор ирэх болсныг харгалзан Бадрах Энержи компани 2019 онд төслөө өргөжүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Сайншанд сумын Зүүнбаян багийн 5 малчин өрхөөс зах зээлийн үнээр мал худалдан авч, нэмж 5 айлыг малжуулсан билээ. Өнөөдрийн байдлаар малчдын талархлыг хүлээсэн малжуулах төсөлд Улаанбадрах сумын 84 малчин өрх, Зүүнбаян багийн 31 малчин өрх нийт 115 өрх хамрагдан амжилттай хэрэгжиж байна.
Өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам
2020 сүүлээр шинэчилсэн байдлаар хэрэгжиж эхэлсэн Бадрах Энержи ХХК-ийн өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам нь аливаа асуудлыг шүүхийн маргаан болохоос өмнө урьдчилан шийдвэрлэх зорилготой юм.
Өргөдөл, гомдол гаргагч нь тодорхой баримттай өргөдөл, гомдлоо компанид гаргахад түүнийг бүртгэн авсны дараа шинэчилсэн журамд заасан хоёр сарын хугацаанд компанийн холбогдох хэлтэс, ажилтнуудын оролцоотой шийдвэрлэнэ. Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх тайланг жил тутам хамтын ажиллагааны зөвлөлд танилцуулж ажиллана.
Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх товч тайланг 2021 оны эцсээр боловсруулна.
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛАА:
- Утсаар: 94091185, 99103412
- Цахим хаягаар:enkhjargal.tserendorj@orano.group
- Шуудангаар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж 9, АйСиСи цамхаг, 8-р давхар хаягуудаар гаргах боломжтой.